Тэсийн Гол: Монголын Баруун Хойд нутгийн Байгалийн Чимэг
Монголын баруун хойд нутгийн байгаль, түүх, домог, амьдралын уялдаа холбоог илэрхийлдэг голуудын нэг нь Тэсийн гол билээ. Хөвсгөл, Завхан, Увс аймгийн нутгийг дамнан урсаж Увс нуурт цутгах энэ гол нь Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн баялагтай салшгүй холбоотой. Тэсийн голын эх Монголын сүрлэг Булнайн нуруунаас эх авч, урсах замдаа Монголоос Тувагийн (ОХУ) хилийг даван өнгөрөөд, дахин Монголын нутагт эргэн орж ирж Увс нуурт уусан шингэдэг нь эх оронч урсгалтай онцгой гол хэмээн дүрслэгдэхийн учир юм. Тиймээс бид Тэсийн голоо эх оронч гол хэмээн хайрлан шүтдэг билээ.
Тэс голын эх нь Булнайн нуруунаас эх авч олон жижиг булаг, горхиос хүчээ авч урсдаг. Голын урт нь ойролцоогоор 568 километр бөгөөд урсгалын замдаа олон сум, нутгийг дайран өнгөрдөг. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумуудаар дайрч Завхан аймгийн Тэс, Их-Уул, Тэлмэн зэрэг сумдын нутгаар дамжин Увс нуурт цутгадаг. Тэсийн гол нь нутгийн малчин, ястнуудын амьдралын гол эх сурвалж болсон билээ.
Тэс голын эрэг дагуу намаг, төгөл, бургасан шугуй, өвөрмөц ургамлын бүрэлдэхүүн тархан ургадаг. Жимс, бут сөөг, тэр дундаа тошлой, долоогоно, улаалзгана, нохойн хошуу, чацаргана зэрэг жимс ургамал элбэг ургадаг нь голын эргэн тойронд амьдардаг хүмүүс, мал сүрэгт байгалийн баялгийг өгдөг. Мөн энэ орчин нь амьтан, шувууны төрөл зүйлээр баялаг зэрлэг гахай, бор гөрөөс, буга, шувууны олон төрөл Тэс голын эргэн тойронд амьдардаг.
Тэс голын магтаал, дуу шүлгүүд нь нутгийн ард түмний сэтгэлд шингээстэй бөгөөд голын урсгал, байгаль, түүний ач холбогдлыг шүлэглэсэн, дуулсан олон дуу шүлэг, домог байдаг. Энэ нь зөвхөн усан эх сурвалж төдийгүй, нутгийн соёл, хүн амын сэтгэл, амьдралын нэгэн чухал хэсэг болсон нь байдаг.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас үүдэн Тэс голын усны түвшин тогтворгүй болж, зарим хэсэгт ширгэх, эргийн намаг, ой модын тогтолцоо алдагдах эрсдэл үүсчээ. Иймээс Тэс голын сав газар, Булнайн нуруу зэрэг орчмыг байгалийн цогцолборт газар болгон хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах шаардлага улам нэмэгдэж байна.
Тэс гол нь Монголын баруун хойд нутгийн байгалийн гайхамшиг, соёл, домог, амьдралын үнэт өвийг нэгтгэсэн бодит үнэ цэнэтэй гол юм. Энэхүү гол, түүний эргэн тойрон, домогт яриа, ард түмний ахуй, экосистемийн өвөрмөц тогтолцоо бүгд харилцан уялдан оршиж, өнөөг хүртэл хадгалагдан ирсэн. Тэсийн гол нь Монгол орны байгаль, соёлын үнэт өвийг хамгаалах, ирээдүйд улам хайрлан хамгаалах хэрэгцээг бидэнд сануулж буй билээ.
“Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” домог
Монголчууд “Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” хэмээх хэлцгийг сайн мэднэ. Энэ үгийн ард хэн нэг нь зохиосон түүх байдаггүй ч, эрт үеэс уламжлагдан ирсэн үйл явдлын ам дамжин яригдсаар өдгөө үлгэр домгийн шинжтэй болсон байдаг.
Манж нар Монгол төрийн эрхийг барьж байхдаа Монголчуудын хийморь сүлд, ялангуяа Төв Халх дахь наадмын морь, бөхийн түрүү магнайг авахад анхаарал тавьж байжээ.Даншиг наадмын түрүүг авах тухай яриа гармагц манжууд онцгой харуул хамгаалалттайгаар Төв Халхад ирүүлсэн байдаг.
Энэ тухай дуулсан Заяын гэгээнтэн өөрийн нутгийн Боролдой хэмээх хөгшинтэй холбоо барьж, хурдан хүлэг олж ирэхийг хүсжээ. Боролдой буурай нь “Тэсийн голын унага хурдан” гэж дуулсан байж. Тэгээд Булнай нурууны арын замаар явж Тэсийн голын эхээс адис авч, голын уснаас угаагаадцааш явж байхдаа, нэг айлын гадна үс даахиндаа баригдсан бор саарал зүсмийн, хонины бор морь нүдэнд нь нүдэнд тусжээ.
Очоод үзвэл үнэхээр хурдан хүлэг байжээ. Тиймээс тэр морийг өөрийн мориор сольж авсан байна. Өвгөн олон олзондоо баярлан, Тэрхийн голд нэгэн ядуу айлд буувал эмгэн хоёр түүнийг хүндэтгэн, цай идээ болгож дайлжээ. Хэдий хувцас хунар нь муу байсан ч, үнэхээрийн үзэсгэлэн төгс, буян заяа тэгш эм хүний шинжтэй 18 настай охинтой гэдгийг Боролдой буурай анзаарчээ. Ингээд Боролдой буурай дахин уулзуулахын ерөөл тавиад, аялалдаа гарсан байна.
Нутгаасаа ирж, мөдхөн саарал морьтой наадамд уяажээ. Үст саарал морь манж ноёны хурдан шаргыг бараагүйгээр түрүүлж ирсэнээр “Тэсийн голын унага” хэмээх хэлц үүссэн гэдэг.
Үст саарал морь түрүү магнай болсон баярт мэдээг Тэс нутгийн хүмүүс дуулж, Тэсийн гол, түм олон сонсож, Боролдой буурайд өргөл өгч хүндэтгэжээ. Буурай Туулайхүүгээ дагуулан мориор морджээ. Замдаа Тэрхийн голоор нутгийнхаа үзэсгэлэн төгс охинтой уулзсан ба Туурайхүү хүү нь Тэс нутгийн үзэсгэлэнд бүсгүйд хайртай болсон гэдэг.
Ингээд туулж ирсэн түүх нь “Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” хэмээх хэлц үг болон, үнэхээр Тэсийн гол хурдан хүлэг, Тэрхийн гол сайхан хүүхнээрээ Ар халхад магнайлж байсан үеийг сануулдаг ажээ.
Тэсийн голын ургамал: Монголын байгалийн өвөрмөц төрөл зүйлийн нууц
Монгол орны баруун хойд хэсэгт урсдаг Тэсийн гол нь байгалийн олон янзын ургамлын төрөл зүйлийг тээсэн нэн чухал гол юм. Булнайн нуруунаас эх авч, 568 км урсаж, Увс нуурт цутгадаг энэ голын сав газар нь уулс, намаг, нуурууд, нам дор газар, мөнх цэвдэг бүхий олон ландшафтаар тогтжээ. Энэхүү төрөл бүрийн газар нутаг нь ургамлын төрөл зүйлийг дэмжиж, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Голын эрэг, намаг, нугийн ургамал.
Тэсийн голын доод урсгал, намаг болон нам дор газрын нугийн бүс нь Монголд нийтлэг ургадаг “голын ургамал”-ын бүлэгт багтдаг. Энд үет, намаг шим төрлийн ургамал зонхилдог бөгөөд голын эргийн тогтвортой байдлыг хангах гол үүргийг гүйцэтгэдэг. Мөн ой болон төгөл төрлийн модлог ургамал жишээ нь улиас, бургас, бургасан шугуй ургаж, голын эрэг орчмыг хамгаалж, байгальд өвөрмөц үзэмж нэмдэг.
Жимс, бут, зэрлэг ургамлын төрөл.
Тэсийн голын сав газар нь зөвхөн нам дор газрын ургамал төдийгүй, бутлаг, жимст ургамлын төрөл зүйлийг агуулсан. Жимстэн ургамлын дунд чацаргана, мойл, улаалзгана, тошлой, долоогоно, нохойн хошуу зэрэг зүйлс ургаж, нутгийн малчид болон амьтдын хоол тэжээлийн эх үүсвэр болдог. Мөн зэрлэг эмийн ургамал сонгино, самар, төрөл бүрийн өвс энэ бүсэд элбэг тархсан нь нутгийн иргэдийн эрүүл мэнд, уламжлалт хэрэглээнд чухал нөөц болдог.
Тэсийн голын ан амьтан: Монголын байгалийн олон төрлийн өлгий.
Тэсийн голын сав газар нь олон усны шувуу болон нүүдлийн шувуудын түр амрах, өндөглөх, нутагших бүс юм. Усны шувуудын дунд далайн элшүүр, халбаган хошуут, хар өрөвтас, цагаан толгойт нугас, хун, галуу, нугас зэрэг төрөл зүйлс багтдаг. Мөн дулаан, хүйтэн улиралд дамжин өнгөрөх нүүдлийн шувууд Тэсийн гол, Увс нуурын сав газраар дайран өнгөрдөг тул энд шувууны төрөл зүйлийн олон янз байдал ихээхэн ажиглагддаг. Энэ бүс нутгийн онцлог нь шувуу судлаачид, экологийн аялал сонирхогчдод сонирхолтой судалгааны талбар болдог.
Хөхтөн амьтад ой, нуг, шугуй, голын эрэг дагуух төрөл
Тэсийн гол орчмын хөхтөн амьтдын төрөл зүйлийн хувьд харьцангуй баялаг. Судалгаагаар нэгж талбайд 26–30 хөхтөн амьтны төрөл бүртгэгдсэн нь Монголын баруун хойд нутгийн хувьд өндөр үзүүлэлт юм. Голын сав газрын ой, нуг, нам дор газрын шугуй, эргийн орчинд амьдардаг хөхтөн амьтдын дунд:
- Азийн минж — гол, усны эрэгт амьдардаг, сав газрын экосистемийн чухал хэсэг,
- Зэрлэг гахай — ой, нуг, нам дор газрын ургамал бүхий орчинд ажиглагддаг,
- Голын халиу — Монголд ховор, голын эрэг, нам дор газар болон намагт амьдардаг,
- Мөн буга, янгир, жижиг мэрэгчид, бусад хөхтөн амьтад энд амьдардаг
Эдгээр амьтад Тэсийн голын экосистемийг хадгалахад, ургамлын өсөлт, шувуудын хоол тэжээл, усны чанар, хөрсний тогтворжилт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хамгаалалт ба тулгамдсан асуудал.
Тэсийн гол, Булнайн нурууг 2019 онд албан ёсоор тусгай хамгаалалтад авснаар ан амьтан, экосистемийг хамгаалах, судлах боломж нэмэгдсэн. Гэвч хүний оролцоо, мал аж ахуй, уул уурхайн төсөл, зам барих, усны түвшин багасах зэрэг нь амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Ховор, хамгаалалт шаардлагатай амьтад минж, зэрлэг гахай зэрэг нь байдаг.
Тэсийн Голын Шидэт Ус
Тэсийн гол нь шидэт ус гэлцдэг.
- Тэсийн голын ус маш тунгалаг, хүйтэн, цэнгэг, мөн уулсын эрч хүчийг шингээсэн “амьд ус” гэж үздэг.
- Тэсийн голд орсон хүн ядаргаа тайлагдаж, бие хөнгөрдөг, өвчин зовлон арилдаг хэмээн ярьдаг.
- Голын эх орчим дахь булгийн ус нь уушги, ходоод, үе мөч-ний өвчнийг намдаадаг гэсэн ам дамжсан яриа ч байдаг.
- Мөн 9 сард ус рашаан болох үед нутгийн иргэд голын усанд орж ирсэн уламжлал бий.
Шидэт ус гэж нэрлэдэг учир нь Тэсийн голыг бусад голоос ялгаруулж, нутгийнхны сэтгэлд гүн суусан олон домог ярианууд бий. Энэ нь усанд нь орсон хүн өвчин зовлонгоо намдаадаг, бие сэтгэлээ ариусгадаг гэх эртний домог, ам дамжсан яриа.
Тэсийн усны тэнхээ сэлбэх хүч
Тэсийн голын ус онцгой хүйтэн, тунгалаг, уулын булаг, мөсөн цасны усыг өөртөө шингээсэн “амьд ус” хэмээн нутгийнхан ярьдаг. Зуны халуун өдөр голд орсон хүн биеийн ядаргаа арилж, сэтгэл онгойж, дотроосоо шинэ амьдралын эрч хүч авч байгаа мэт болдог гэж ярьцгаана.
Хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг идэвхжүүлж, булчин суллаж, стресс бууруулах зэрэг бодит биологийн нөлөөтэй учир ардын уламжлалт ойлголтод “эмчилгээний ус” болж шингэсэн нь гайхах зүйл биш. Гэвч байгалийн жинхэнэ шид нь зөвхөн физиологийн үр нөлөөнд бус, түүнийг тойрсон домог, итгэл үнэмшлийн хүч юм.
Домогт өгүүлснээр…
Тэсийн гол бол уулсын цэнхэр мөсний амьсгал, тайгын чийг, салхины жигүүрийг нэгтгэсэн сахиустай ус хэмээн өгүүлдэг. Усан тэнгэрийн сахиус тэнд орсон хүний муу энергийг арилгаж, сайн сайхныг дуудаж, “биеийн хөнгөн, сэтгэлийн ариун” байдлыг ивээдэг гэх яриа өнөө цагт ч хадгалагдсаар.
“Тэсийн усанд нэг шумбаад гарвал өвчин хэлэхгүй, сэтгэл гэмшихгүй” гэж хөгшдөд ярьдаг нь ч зүгээр нэг үг бус, олон үе дамжсан ажиглалтаас үүдсэн ардын яриа юм.
Ус бол эмчилгээ, байгаль бол ариусал:
Тэсийн голын сав нутагт аялагч хүн анх урсгалын чимээ сонсоод л өөрийн эрхгүй тайвширч, усны мандал дээр туссан нарны гэрэлд харахад л сэтгэлд нэгэн онгойх мэдрэмж төрдөг. Энэ бол байгаль өөрөө хүнийг тэнхээжүүлж, амраадаг үнэт чанар. Тиймдээ ч нутгийнхан “Тэсийн гол бол биеийн биш, сэтгэлийн эмчилгээ” хэмээн ярьдаг.
Нийтлэл бичсэн: Б.Даваасүрэн